Tuesday, April 19, 2016

Нөлөөлөл бууруулах загвар програмын тухай


Ямар нэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед байгаль орчинд нөлөөлөл үзүүлдэг бөгөөд үүнийг бууруулах, зайлсхийхийн тулд 2014 онд батлагдсан “Монгол улсын БО-ны нөлөөллийн үнэлгээний аргачлал”-д дүйцүүлэн хамгааллыг хэрэгжүүлэх тухай мөрдлөг болгон оруулсан байдаг. Төсөл хэрэгжүүлэгч компаниуд нь тухайн орон нутгийн удирдах байгууллагууд, БОНХАЖЯ-тай хамтран ажиллаж өөрсдийн ДХ-ын төлөвлөгөөг дараах 3 алхмын дагуу боловсруулдаг. Үүнд:

1) Төслийн нөлөөлөлд өртөх газрын хэмжээг тогтоох

2) Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газрын хэмжээг тогтоох

3) Дүйцүүлэн хамгааллын зардлыг тодорхойлох.

Эдгээр бүх алхмууд нь математик бодолт, тооцоо хийхийг шаардана. Бодолтыг хийх үед зарим техникийн бэрхшээл, алдаа гардаг учир ГМС-ийн загвар програм үүсгэх зайлшгүй шаардлагатай болсон юм. Үүсгэсэн ГМС-ийн загвар програм дээр ажиллахын тулд хэрэглэгчид нь ГМС-ийн суурь мэдлэгтэй, ажиллах зарчмын тухай ойлголттой байх ёстой. Нөлөөлөл бууруулах загвар програмыг үүсгэх ажил нь “БОНХАЖЯ-ны чадавхийг бэхжүүлэх, Өмнийн говийн байгаль хамгаалал, биологийн олон янз байдал төсөл”-ийн үүрэгт ажлуудын нэг хэсэг юм.  

Уг загвар програмыг 2 хувилбараар үүсгэсэн бөгөөд дээр дурьдсан ДХ-ын алхмуудыг автоматаар тооцоолж үр дүнг харуулдаг.
  1. MDT-Desktop 
  2. MDT-Web 
Эхний хувилбар буюу компьютерт суурилсан програм нь ArcGIS програм дээр tool хэлбэрээр ажилладаг. Харин вэбд суурилсан хоёр дахь хувилбар маань онлайн хэлбэрээр интернет холболттой үед ажиллах боломжтой юм.

Програмыг ашиглахтай холбогдсон мэдээллүүдийг хүргэх үүднээс вэб сайт ажиллуулж байгаа бөгөөд дараах холбоосоор орж танилцана уу. Та энэ вэб хуудсаар дамжуулан төслийн тухай мэдээлэл,  Нөлөөлөл бууруулах загвар програмын ArcGIS дээр сууж ажиллах MDT tool, дасгал ажлын файлууд, вэб хувилбартай ажиллах заавар, гарын авлагыг татаж авах боломжтой.
http://s3.amazonaws.com/DevByDesign-Web/MitDesignTool/data.html 

Заавар гарын авлагыг монгол хэл дээр татаж авах бол дараах холбоосоор орно уу:
https://www.dropbox.com/sh/hirbkfsq934np4w/AAA5efhG4UuQ7akkVZzBYSdRa?dl=0



"Биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалал" олон талт зөвлөгөөн


БОНХАЖЯ, Өмнөговь аймгийн БОАЖГ, Дэ Нэйче Консерванси байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн газраас хамтран “БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАЛ ОЛОН ТАЛТ ЗӨВЛӨГӨӨН”-ийг 2016 оны 4 дүгээр сар 11-д Даланзадгад хотноо зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд БОНХАЖЯ, Өмнөговь, аймгийн ИТХ, ЗДТГ, БОАЖГ, Дорноговь БОАЖГ, Өмнөговь аймгийн сумдын ИТХ, ЗДТГ, Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн төлөөлөл, Дэ Нэйче Консерванси байгууллага, уул уурхайн компаниудын төлөөлөл оролцож дараах зөвлөмжийг гаргаж байна.
1.     Уул уурхайн нөлөөлөлд өртсөн биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах арга хэмээг төлөвлөж хэрэгжүүлэхэд  БОНХАЖЯ-с баталсан аргачлалыг мөрдөн ажиллах, хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх
2.     БОНХ-ийн сайдын тушаалаар батлагдсан аргачлалын дагуу уурхайн нөлөөлөлд өртөх газар нутгийн хэмжээг тодорхойлон гаргах ажлыг уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчид 2016 оны 3 дугаар улиралд багтаан хийж, тайланг сумын ЗДТГ, БОАЖ-ын газарт хэлэлцүүлэн батлуулах
3.     Өмнөговь аймгийн ИТХ –н 2015 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн Билогийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах газар нутгийг батлах тухай 55 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, тус тогтоолын хавсралтаар батлагдсан зарчмыг төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх
4.     Биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгааллыг хэрэгжүүлэхэд талуудын оролцоо,  хамтын ажиллагаа ялангуяа орон нутгийн иргэдийн оролцоог дэмжих, талуудын уулзалтыг тогтмолжуулах, бүсчлэн зохион байгуулах
5.     Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах талаар аймаг, сумдын холбогдох  байгууллагын мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх сургалт, туршлага судлах уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулах, түүнтэй холбоотой хулаарь төлөвлөгөөг гаргаж ажиллах
6.     Олон улсын болон Монгол улсын хэмжээнд жишиг болж чадахуйц  дүйцүүлэн хамгааллын загвар төслийг хэрэгжүүлэх талаар оролцогч талууд хамтран ажиллах
Бүхий л оролцогч талуудад хүргүүлнэ.




Monday, March 14, 2016

Нөлөөлөл бууруулах загвар програм (Mitigation Design Tool)-ийн сургалт


Байгаль орчинд нөлөөлөл үзүүлдэг ямар нэг үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд нь хөгжлийн нөлөөллийг зохистой бууруулахын тулд нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах шаардлагатай. Үүний тулд тухайн аж ахуйн нэгж нь БОНХАЖЯ-тай хамтарч ажиллан ДХ-ын төлөвлөгөөг дэлгэрэнгүй хийх эсвэл дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг тогтоох аргачлалын 3.3.6 хэсгийг дагаж мөрдөх ёстой. Монгол улсын ЗГ-аас гаргасан дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг тогтоох аргачлалд дараах алхмуудыг мөрдлөг болгоно гэж заасан байдаг. Үүнд: 1) Төслийн нөлөөлөлд өртөх газрын хэмжээг тогтоох 2) Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газрын хэмжээг тогтоох 3) Дүйцүүлэн хамгааллын зардлыг тодорхойлох. Эдгээр бүх алхмууд нь ямар нэг бодолт, тооцоо хийхийг шаардана. ГМС-ийн дүн шинжилгээ ба бодолтыг хийх үед зарим техникийн бэрхшээл гардаг учир тухайн ДХ аргачлалыг мөрдлөг болгосон ГМС-ийн загвар програмийг үүсгэх зайлшгүй шаардлагатай.

Ийм учраас Дэ Нэйче Консерванси байгууллага БОНХАЖЯ-тай хамтран ГМС-ийн tool-үүдийг заавар, гарын авлагын хамт аж ахуйн нэгжүүдэд ДХ-ын аргачлалыг мөрдлөг болгоход нь зориулж бүтээсэн юм. Үндсэн програмыг “Нөлөөлөл бууруулах загвар програм” (НБЗП) гэсэн нэртэйгээр компьютерт болон вэбд суурилсан нээлттэй эх үүсвэр бүхий хоёр хувилбараар гаргалаа. НБЗП бол Монгол улсын ДХ-ын аргачлалыг дэмжиж ажиллах хэд хэдэн дэд програмуудын (tools) багц цуглуулга юм.

Уг сургалт нь НБЗП –ын ажиллах зарчим, түүнийг хэрхэн байнга шинэчлэн сайжруулж байх талаар дэлгэрэнгүй ойлголт өгөх зорилготой.

ГМС-ийн мэргэжилтнүүдэд зориулсан бүтэн өдрийн сургалтаар оролцогчдод компьютерд суурилсан НБЗП-ыг ашиглах чадвар олгохын тулд дасгал ажлууд дээр ажиллуулах юм. Түүнчлэн оролцогч тус бүрд тухайн програмын суурь үйл ажиллагаа болон ашиглагдах мэдээллүүдийн тухай гүнзгий мэдлэг олгохыг зорисон учраас НБЗП-ыг харанхуйгаар буюу автоматаар сурахаас урьдчилан сэргийлнэ гэж үзэж байна. Сургалт нь лекц, дасгал ажлаас бүтнэ. Дасгал ажил нь ArcGIS програм дээр суурилсан НБЗП-ыг шууд ажиллуулан орон зайн мэдээллүүдийг ашиглах боломжоор оролцогчдыг хангана.

Энэ удаагийн сургалтыг байгаль орчны чиглэлээр болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад зориулж зохион байгуулж буй учраас сонирхсон аж ахуйн нэгжүүд 2016 оны 3 сарын 25ы дотор naranzul.bazarsukh@tnc.org хаягаар бүртгүүлнэ үү.

Бид БО-ны үнэлгээний эхний бүртгүүлсэн 15 компани, Уул Уурхайн мөн эхний бүртгүүлсэн 15 компанийг хамруулах болно.

Сургалтыг 3 сарын 30-ний Лхагва гаригт МУИС-ийн Газарзүйн сургуулийн ГМС лаб 302 тоотод 9-17 цагийн хооронд зохион байгуулах юм.

Оролцогчид нь:

- ArcGIS дээр ажилладаг, ГМС-ийн мэдлэгтэй байх.
- Бичиж тэмдэглэх үзэг, дэвтэртэй ирэх.

Нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол Дэ Нэйче Консерванси байгууллагын төслийн ажилтан Б.Наранзултай naranzul.bazarsukh@tnc.org (Утас: 70118526) хаягаар холбогдоно уу.

Wednesday, March 2, 2016

Нөлөөллийг үнэлэх тухай


Төслөөс байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллөөс зайлсхийх, аль хэдийн үүсчихсэн нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг авах үед тухайн нөлөөллийг үнэлэх, цар хүрээг тогтоох асуудал зайлшгүй тулгардаг. Монгол улсын хувьд "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачилсан заавар"-аар нөлөөллийг тогтоох дараалал, түүнийг бууруулах арга хэмжээ, нарийвчилсан болон ерөнхий үнэлгээг хийх аргачлал, хөтөлбөр зэргийг дэлгэрэнгүй зааж өгсөн байдаг. 

Нөлөөллийг үнэлэх олон аргууд байдаг бөгөөд үүнээс хөгжиж буй орнуудад түгээмэл хэрэглэгддэг аргуудыг давуу болон дутагдалтай талуудтай нь уг зааварт тусгажээ: 
·        Зориулалтын арга (Ad Hoc)
·        Удирдамж, гарын авлагын арга (Guidelines)                         
·        Магадлан жагсаах арга (Checklistes)
·        Матрицын арга (Matrices)                       
·        Сүлжээ-схемийн арга (Netwoks)
·        Давхцуулан зураглах арга (Overlays mapping)
·        Байгаль орчны индекс (Environmental Index using factor analysis)
·        Зардал/үр ашгийг үнэлэх арга (Cost/benefit analysis)
·        Загварчлалын арга (Simulation modelling workshops) 
·        Зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем (Remote sensing and GIS)
·        Бателлийн систем

Tuesday, February 16, 2016

Дүйцүүлэн хамгааллын арга хэмжээг тогтоох тухай

“Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал” болон “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний аргачлал” 2014 оны 1-р сарын 10-ны өдөр А-11 дүгээр тушаалаар шинэчлэн батлагдсан бөгөөд уг аргачлалын 3.3.6-д нөхөн сэргээх болон дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг тогтоох тухай мөрдлөг болгон оруулсан юм.


Уг аргачлалыг та энэ холбоосоор орж харна уу.
Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний аргачлал

Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйл 8.4.6, 9 дүгээр зүйл 9.6-д дүйцүүлэн хамгааллыг хэрэгжүүлэх талаар заасан байдаг.


Saturday, February 13, 2016

The Business and Biodiversity Offsets Programme (BBOP) - Бизнес ба Биологийн төрөл зүйлийг Дүйцүүлэн хамгаалах Хөтөлбөрийн тухай


The Business and Biodiversity Offsets Programme (BBOP) - Бизнес ба Биологийн төрөл зүйлийг Дүйцүүлэн хамгаалах Хөтөлбөр гэдэг нь дэлхийн олон орны аж ахуйн нэгж, санхүүгийн байгууллагууд, засгийн газрууд, төрийн бус байгууллагууд нэгдэн компаниудад бизнесийн хөгжлөө эдийн засгийн хувьд үр ашигтай, экологийн хувьд хохиролгүйгээр төлөвлөн явуулахад нь байгаль хамгааллын чиглэлээр тусалдаг олон улсын хамтын ажиллагаа бүхий байгууллага юм. 
Гишүүн байгууллагууд нь нөлөөлөл бууруулах дарааллыг хэрэгжүүлэх хамгийн сайн туршлагыг бий болгохын төлөө буюу нөлөөлөл эерэг алдагдалгүй байх зарчим дээр суурилан үйл ажиллагаа явуулдаг.   
http://bbop.forest-trends.org/pages/about_bbop вэб хуудсаар зочлон энэхүү байгууллагын тухай мэдээлэл авахаас гадна нөлөөлөл бууруудах, дүйцүүлэн хамгаалах тухай стандарт, гарын авлагууд, судалгаа шинжилгээний материалууд, нийтлэл зэргийг татаж авах унших боломжтой. 
Мөн хүсвэл вэб хэлбэрийн сургалт, хичээл авч үзэх, олон улсын хурал семинарт бүртгүүлж хамрагдах боломжтой.

Tuesday, January 19, 2016

Нөлөөлөл эерэг байх (Net positive impact) - гэж юу вэ?

Нөлөөлөл бууруулах дарааллын дагуу байгаль хамгааллын үйл ажиллагаануудыг хэрэгжүүлснээр тодорхой нэг төслөөс үүсэх нөлөөллийг багасгаж, биологийн олон янз байдлын нөхцөл байдал, тоо хэмжээ нь орон зай, цаг хугацааны хувьд доройтохгүй байхыг алдагдалгүй байх гэнэ. Харин алдагдалгүй байх буюу тухайн нөлөөллийг тэглэсний дараа биологийн олон янз байдлыг тодорхой нөхцөл байдлаас илүү сайжруулахыг нөлөөлөл эерэг байх гэнэ (Зураг 1).

Нөлөөлөл бууруулах дараалал:
1. Зайлсхийх: Үйл ажиллагаа, төсөл, дэд бүтцийн төлөвлөлт хийхээс өмнө эсвэл хийж байх явцад үүсч болох сөрөг нөлөөллөөс сэргийлж тухайн төслийг өөрчлөх, зогсоох хүртэл арга хэмжээ авахыг хэлнэ. Жишээлбэл: байршлыг өөрчилж нүүлгэх, үргэлжлэх хугацааг өөрчилснөөр биологийн олон янз байдал, амьдрах орчныг сөрөг нөлөөлөлд автахаас зайлсхийж байгаа юм.
2. Бууруулах: Бүрэн зайлсхийж болохооргүй нөлөөллийн цар хүрээ, хэмжээ, үргэлжлэх хугацаа, эрчмийг бууруулах арга хэмжээ авахыг хэлнэ. Жишээлбэл: Цэвэрлэх байгууламжийн чанарыг дээшлүүлэх.
3. Нөхөн сэргээх: Нөлөөлөлд өртсөн газар нутгийг нөхөн сэргээснээр анхны байгалийн унаган төрхөнд нь буцаан оруулах.
4. Дүйцүүлэн хамгаалах: Тухайн газрын биологийн олон янз байдалд учирч болох сөрөг нөлөөллийг арилгахад шаардлагатай зайлсхийх, бууруулах, нөхөн сэргээх арга хэмжээг авсны дараа үлдэгдэл нөлөөллийг тэглэхийн тулд хэрэгжүүлэх арга хэмжээ бөгөөд хэмжиж болохуйц эерэг үр дүнд хүрсэн байх нь дүйцүүлэн хамгаалал юм.


Зураг 1. Нөлөөлөл бууруулах дарааллыг хэрэгжүүлсэнээр нөлөөлөл эерэг байх, алдагдалгүй байх нь