Tuesday, April 19, 2016

Нөлөөлөл бууруулах загвар програмын тухай


Ямар нэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед байгаль орчинд нөлөөлөл үзүүлдэг бөгөөд үүнийг бууруулах, зайлсхийхийн тулд 2014 онд батлагдсан “Монгол улсын БО-ны нөлөөллийн үнэлгээний аргачлал”-д дүйцүүлэн хамгааллыг хэрэгжүүлэх тухай мөрдлөг болгон оруулсан байдаг. Төсөл хэрэгжүүлэгч компаниуд нь тухайн орон нутгийн удирдах байгууллагууд, БОНХАЖЯ-тай хамтран ажиллаж өөрсдийн ДХ-ын төлөвлөгөөг дараах 3 алхмын дагуу боловсруулдаг. Үүнд:

1) Төслийн нөлөөлөлд өртөх газрын хэмжээг тогтоох

2) Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газрын хэмжээг тогтоох

3) Дүйцүүлэн хамгааллын зардлыг тодорхойлох.

Эдгээр бүх алхмууд нь математик бодолт, тооцоо хийхийг шаардана. Бодолтыг хийх үед зарим техникийн бэрхшээл, алдаа гардаг учир ГМС-ийн загвар програм үүсгэх зайлшгүй шаардлагатай болсон юм. Үүсгэсэн ГМС-ийн загвар програм дээр ажиллахын тулд хэрэглэгчид нь ГМС-ийн суурь мэдлэгтэй, ажиллах зарчмын тухай ойлголттой байх ёстой. Нөлөөлөл бууруулах загвар програмыг үүсгэх ажил нь “БОНХАЖЯ-ны чадавхийг бэхжүүлэх, Өмнийн говийн байгаль хамгаалал, биологийн олон янз байдал төсөл”-ийн үүрэгт ажлуудын нэг хэсэг юм.  

Уг загвар програмыг 2 хувилбараар үүсгэсэн бөгөөд дээр дурьдсан ДХ-ын алхмуудыг автоматаар тооцоолж үр дүнг харуулдаг.
  1. MDT-Desktop 
  2. MDT-Web 
Эхний хувилбар буюу компьютерт суурилсан програм нь ArcGIS програм дээр tool хэлбэрээр ажилладаг. Харин вэбд суурилсан хоёр дахь хувилбар маань онлайн хэлбэрээр интернет холболттой үед ажиллах боломжтой юм.

Програмыг ашиглахтай холбогдсон мэдээллүүдийг хүргэх үүднээс вэб сайт ажиллуулж байгаа бөгөөд дараах холбоосоор орж танилцана уу. Та энэ вэб хуудсаар дамжуулан төслийн тухай мэдээлэл,  Нөлөөлөл бууруулах загвар програмын ArcGIS дээр сууж ажиллах MDT tool, дасгал ажлын файлууд, вэб хувилбартай ажиллах заавар, гарын авлагыг татаж авах боломжтой.
http://s3.amazonaws.com/DevByDesign-Web/MitDesignTool/data.html 

Заавар гарын авлагыг монгол хэл дээр татаж авах бол дараах холбоосоор орно уу:
https://www.dropbox.com/sh/hirbkfsq934np4w/AAA5efhG4UuQ7akkVZzBYSdRa?dl=0



"Биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалал" олон талт зөвлөгөөн


БОНХАЖЯ, Өмнөговь аймгийн БОАЖГ, Дэ Нэйче Консерванси байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн газраас хамтран “БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАЛ ОЛОН ТАЛТ ЗӨВЛӨГӨӨН”-ийг 2016 оны 4 дүгээр сар 11-д Даланзадгад хотноо зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд БОНХАЖЯ, Өмнөговь, аймгийн ИТХ, ЗДТГ, БОАЖГ, Дорноговь БОАЖГ, Өмнөговь аймгийн сумдын ИТХ, ЗДТГ, Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн төлөөлөл, Дэ Нэйче Консерванси байгууллага, уул уурхайн компаниудын төлөөлөл оролцож дараах зөвлөмжийг гаргаж байна.
1.     Уул уурхайн нөлөөлөлд өртсөн биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах арга хэмээг төлөвлөж хэрэгжүүлэхэд  БОНХАЖЯ-с баталсан аргачлалыг мөрдөн ажиллах, хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх
2.     БОНХ-ийн сайдын тушаалаар батлагдсан аргачлалын дагуу уурхайн нөлөөлөлд өртөх газар нутгийн хэмжээг тодорхойлон гаргах ажлыг уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчид 2016 оны 3 дугаар улиралд багтаан хийж, тайланг сумын ЗДТГ, БОАЖ-ын газарт хэлэлцүүлэн батлуулах
3.     Өмнөговь аймгийн ИТХ –н 2015 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн Билогийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах газар нутгийг батлах тухай 55 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, тус тогтоолын хавсралтаар батлагдсан зарчмыг төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх
4.     Биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгааллыг хэрэгжүүлэхэд талуудын оролцоо,  хамтын ажиллагаа ялангуяа орон нутгийн иргэдийн оролцоог дэмжих, талуудын уулзалтыг тогтмолжуулах, бүсчлэн зохион байгуулах
5.     Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах талаар аймаг, сумдын холбогдох  байгууллагын мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх сургалт, туршлага судлах уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулах, түүнтэй холбоотой хулаарь төлөвлөгөөг гаргаж ажиллах
6.     Олон улсын болон Монгол улсын хэмжээнд жишиг болж чадахуйц  дүйцүүлэн хамгааллын загвар төслийг хэрэгжүүлэх талаар оролцогч талууд хамтран ажиллах
Бүхий л оролцогч талуудад хүргүүлнэ.