Tuesday, February 16, 2016

Дүйцүүлэн хамгааллын арга хэмжээг тогтоох тухай

“Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал” болон “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний аргачлал” 2014 оны 1-р сарын 10-ны өдөр А-11 дүгээр тушаалаар шинэчлэн батлагдсан бөгөөд уг аргачлалын 3.3.6-д нөхөн сэргээх болон дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг тогтоох тухай мөрдлөг болгон оруулсан юм.


Уг аргачлалыг та энэ холбоосоор орж харна уу.
Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний аргачлал

Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйл 8.4.6, 9 дүгээр зүйл 9.6-д дүйцүүлэн хамгааллыг хэрэгжүүлэх талаар заасан байдаг.


Saturday, February 13, 2016

The Business and Biodiversity Offsets Programme (BBOP) - Бизнес ба Биологийн төрөл зүйлийг Дүйцүүлэн хамгаалах Хөтөлбөрийн тухай


The Business and Biodiversity Offsets Programme (BBOP) - Бизнес ба Биологийн төрөл зүйлийг Дүйцүүлэн хамгаалах Хөтөлбөр гэдэг нь дэлхийн олон орны аж ахуйн нэгж, санхүүгийн байгууллагууд, засгийн газрууд, төрийн бус байгууллагууд нэгдэн компаниудад бизнесийн хөгжлөө эдийн засгийн хувьд үр ашигтай, экологийн хувьд хохиролгүйгээр төлөвлөн явуулахад нь байгаль хамгааллын чиглэлээр тусалдаг олон улсын хамтын ажиллагаа бүхий байгууллага юм. 
Гишүүн байгууллагууд нь нөлөөлөл бууруулах дарааллыг хэрэгжүүлэх хамгийн сайн туршлагыг бий болгохын төлөө буюу нөлөөлөл эерэг алдагдалгүй байх зарчим дээр суурилан үйл ажиллагаа явуулдаг.   
http://bbop.forest-trends.org/pages/about_bbop вэб хуудсаар зочлон энэхүү байгууллагын тухай мэдээлэл авахаас гадна нөлөөлөл бууруудах, дүйцүүлэн хамгаалах тухай стандарт, гарын авлагууд, судалгаа шинжилгээний материалууд, нийтлэл зэргийг татаж авах унших боломжтой. 
Мөн хүсвэл вэб хэлбэрийн сургалт, хичээл авч үзэх, олон улсын хурал семинарт бүртгүүлж хамрагдах боломжтой.

Tuesday, January 19, 2016

Нөлөөлөл эерэг байх (Net positive impact) - гэж юу вэ?

Нөлөөлөл бууруулах дарааллын дагуу байгаль хамгааллын үйл ажиллагаануудыг хэрэгжүүлснээр тодорхой нэг төслөөс үүсэх нөлөөллийг багасгаж, биологийн олон янз байдлын нөхцөл байдал, тоо хэмжээ нь орон зай, цаг хугацааны хувьд доройтохгүй байхыг алдагдалгүй байх гэнэ. Харин алдагдалгүй байх буюу тухайн нөлөөллийг тэглэсний дараа биологийн олон янз байдлыг тодорхой нөхцөл байдлаас илүү сайжруулахыг нөлөөлөл эерэг байх гэнэ (Зураг 1).

Нөлөөлөл бууруулах дараалал:
1. Зайлсхийх: Үйл ажиллагаа, төсөл, дэд бүтцийн төлөвлөлт хийхээс өмнө эсвэл хийж байх явцад үүсч болох сөрөг нөлөөллөөс сэргийлж тухайн төслийг өөрчлөх, зогсоох хүртэл арга хэмжээ авахыг хэлнэ. Жишээлбэл: байршлыг өөрчилж нүүлгэх, үргэлжлэх хугацааг өөрчилснөөр биологийн олон янз байдал, амьдрах орчныг сөрөг нөлөөлөлд автахаас зайлсхийж байгаа юм.
2. Бууруулах: Бүрэн зайлсхийж болохооргүй нөлөөллийн цар хүрээ, хэмжээ, үргэлжлэх хугацаа, эрчмийг бууруулах арга хэмжээ авахыг хэлнэ. Жишээлбэл: Цэвэрлэх байгууламжийн чанарыг дээшлүүлэх.
3. Нөхөн сэргээх: Нөлөөлөлд өртсөн газар нутгийг нөхөн сэргээснээр анхны байгалийн унаган төрхөнд нь буцаан оруулах.
4. Дүйцүүлэн хамгаалах: Тухайн газрын биологийн олон янз байдалд учирч болох сөрөг нөлөөллийг арилгахад шаардлагатай зайлсхийх, бууруулах, нөхөн сэргээх арга хэмжээг авсны дараа үлдэгдэл нөлөөллийг тэглэхийн тулд хэрэгжүүлэх арга хэмжээ бөгөөд хэмжиж болохуйц эерэг үр дүнд хүрсэн байх нь дүйцүүлэн хамгаалал юм.


Зураг 1. Нөлөөлөл бууруулах дарааллыг хэрэгжүүлсэнээр нөлөөлөл эерэг байх, алдагдалгүй байх нь